Бүс нутгийн геополитик монголд ашигтайгаар эргэж байна

Өчигдөр 15 цаг 06 минут
Өмнөд Монголын нам холбоодыг нэгтгэсэн Өмнөд Монголын Их Хуралдай байгуулагдах үеэр Японы парламентын гишүүд олноор баяр хүргэж, дэмжлэгээ илэрхийлж байсан. Тэд Японы парламентын нэг байранд нэг өдрийн хуралдааныг хийлгэж, төв байраар гишүүд дэмжигчдийг аялуулж байсан. Японы парламентчид өмнөд монголчуудын ҮЭЧХ-ийг дэмжиж үг хэлэхдээ, Японы болон дэлхийн улс төрийн байдалтай холбож ярьж билээ. Өөр арга хэмжээнүүд дээр бусад парламентын гишүүдийн үгийг бас сонсож, заримтай нь санал бодлоо солилцож байв. Зөвхөн парламентын гишүүд ч бус, янз бүрийн улс төрчидтэй тохиолдож байсан.

Тэгэхэд зарим санаанууд анхаарал татаж байв. Тэднийг нэгтгэн хэлэхийг оролдъё. 

“Япон 90-ээд оноос эдийн засгийн зогсонги байдалд орж, нийгмийн асар хүнд асуудлууд үүссэн. Энэ зогсонги байдал нь АНУ Хятадыг ихэд дэмжин, мөн БНСУ бас тэгж ажилласантай нэлээн холбоотой. АНУ хамгийн чухал холбоотны нэг Японыгоо хүнд байдалд оруулсан. Манайхаас АНУ 1,1 триллион доллар зээлчихсэн байгаа.

Өнөөдөр Хятад АНУ-ын дэмжлэгээр хүчирхэгжчихээд Америкийн өр лүү өшиглөж байна. АНУ дандаа ийм байдалд орж байдаг. Анд нөхдөө асуудалд оруулж, дайсагнаж байгаа улсуудыг дэмжээд өөрөө хохирдог. Дэмжсэн Хятад нь дагуул улс БНАСАУ-тайгаа нийлээд Японы эсрэг дайн өдөөнө гэж заналхийлдэг болсон, газар нутагт маань өнгөлзөж, булаалдаж байгаа. Бидэнд маш их батлан хамгаалах потенциал, шаардлагатай бол цөмийн бамбай ч хэрэг болж болзошгүй. Гэтэл цөмийн гурван хорионоос болж, бид цөмийн зэвсэгтэй болох, үйлдэх, нутагтаа оруулах эрхгүй. Энэ нь дайсагнан хандагч улсуудыг оодруулж байна.

АНУ бусад улсад цэргийн баазаа байгуулаад, тэдэнд төлбөр төлдөг бол, манайхаас өндөр төлбөр авдаг. Зардлын 76%-ийг бид төлдөг. Тэр төлбөрөө нэмэгдүүл гэж байнга шаардаж, өсгөж ирсэн, Трамп бол бүр ч тэгэх хүн. Тэр хүн Японд тийм ч таатай бусаар хандаж ирсэн. Бид та нарыг батлан хамгаалж байна гэдэг. Өөрсдийгөө батлан хамгаалах эрхийг маань хязгаарлачихсан. Адилхан л их гүрнүүд хоорондоо байлдчихаад, ялагдсан гүрний эрхийг ингэж олон жилээр хязгаарлаж хохироож болохгүй юм. Ингэж ялагдсан гүрнийг хязгаарласнаас болж Дэлхийн 2-р дайн гарч байсан.

Тэр цагаас хойш нөхцөл байдал маш их өөрчлөгдөж байна. Одоо БНХАУ хүнд хямралд орсон тул, АНУ ОХУ-ыг дэмжих замдаа орж болзошгүй. Бид яах вэ? Олон жил АНУ-ын үгээр явлаа. Одоо өөрсдийгөө мэдэх цаг болсон бус уу? АНУ ОХУ-тай харилцаагаа сайжруулах бол бид өрсөөд сайжруулах ёстой. АНУ-д найдалтгүй боллоо. Бараг бие даагаад өөрийгөө бүрэн батлан хамгаалчих хэмжээний мөнгийг АНУ-д өгөх болох нь. Ашгийн нүдээр АНУ хараад байна. Үүнийг болих цаг болоогүй гэж үү? Бид АНУ-ын нөлөөнд хэт байхаа больж, эрх тэгш харилцааг санал болгож, ОХУ-тай стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн чухал. Ингэж Японд эрс шинэчлэлтийг хийхгүй бол Японы уруудал доройтол хэзээ ч зогсохгүй шинжтэй”.

Ийм санаануудыг Японы улс төрчид, зүтгэлтнүүд, хөдөлгөөнийхөн их ярьж байсан. Тэд хий хоосон авиа гаргадаггүй улс. Төд удалгүй, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг урьсан, ЕС нь гүйж очиж Путинтэй гар барьсан. Хятадад хэт итгэн найдаж, хамтран ажиллабал хэрхэн бугуй барьдгийг Путин мэдсэн тул нийгэм-эдийн засгийн хямралаа гэтлэхийн тулд олон улсын эрх тэгш тэнцвэрт харилцааг үгүйлэх болсон. АНУ болон Японтой харилцаагаа сайжруулах арга замыг эрэлхийлж ирсэн. Украины хэрэг явдал, гадаадын хоригийн үеэр Хятад харин бэрхшээл дээр нь дөрөөлж, төвийг сахина гэж мэдэгдэж, 20 жил урьдчилсан төлбөрөөр хий нийлүүлэх алдагдалтай гэрээ зэргийг Оросод тулган Путиний нэр хүндийг унагаж, их хэмжээний газар нутгийг нь олон жилээр түрээслэж, АНУ-тай маш ойр холбоотны түвшинд цэргийн гэрээ байгуулж байсан. ОХУ-ыг дахин харж үзэхгүй, зөвхөн наймаа ярина ч гэсэн байдаг.

Путинийг Японд айлчлахад Обамагийн захиргаа сандарч, ийм алхам хийхгүй байхыг Японд зөвлөсөн ч, Токио огт тоогоогүй нь том дохио болсон. Ингэж Япон бие даасан байдал руу эрч хүтэй тэмүүлж байна. Бүс нутгийн геополитикийн байдал Монголд таатайгаар өөрчлөгдөж, олон туйлт, тэнхлэгт чанар нь нэмэгдэж байгаа. Харин эрх баригч МАН-ынхан улам Хятадын атганд лав орохыг идэвхийлэн зүтгэж, дахин дахин өршөөл эрж, Хятад эдийн засгийн гүн хямрал уналтад ороод чадавхигүй болсон байхад ззэл тусламж гуйж сөгдөөд, хэлсэн үг бүрийг нь биелүүлж, тааруулж хуулиудаа хүртэл яаран засах гээд байгаа нь хачирхалтай.

Ч.Мөнхбаяр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна