ДАВОС&МОНГОЛ: Бодлого, шийдэлд нөлөөлөх "бага тайз"

Х.Батсайхан
2024/01/16

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцож буй  Давосын эдийн засгийн форумын талаар зарим мэдээллийг хүргэе.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсыг урьдаггүй, урьсан ч бид ач холбогдол өгдөггүй байсан үе бий. Харин сүүлийн 10 гаруй жилд тогтмол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэмжээнд оролцдог болж, ач холбогдол нь ч өндөрсчээ. Монгол Улс Давосын түнш болж, Давос Монголын хувьд улсаа сурталчлах, эдийн засгийн харилцаа холбоогоо өргөжүүлэх нэг том суваг болсон байна.

ДАВОС ГЭЖ ЮУ ВЭ, ЯМАР ОНЦЛОГТОЙ ВЭ

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг мөн нэрээр нэрлэгдсэн төрийн бус байгууллага зохион байгуулдаг. Үүсгэн байгуулагч, тэргүүн нь профессор Клаус Шваб хэмээх герман хүн бий. Женевт төвтэй тус байгууллагад дэлхийн мянга гаруй томоохон компани гишүүнчлэлтэй байдаг. Дэлхийн эдийн засгийн анхны чуулга уулзалт 1971 онд болжээ. Гэхдээ нэр нь өөр байсан нь мэдээж. Эхэндээ бизнесийн салбарын удирдагчид цуглаж, менежментийн асуудал хэлэлцдэг байсан бол дараа дараагийн жилүүдэд хэлэлцэж буй асуудлын хүрээ өргөжиж, 1974 оноос улс төрийн удирдагчдыг урих болсон байна. Энэ үедээ Европын чуулга уулзалт гэж нэрлэж байснаа Ази, Африк, Өмнөд, Хойд Америк, Австралийн улс орнуудад урилга өгдөг болсныхоо дараа 1987 оноос Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэх болжээ. 

Давосын чуулга уулзалтын хүрээнд албан ёсны бус байдалд семинар, бүгд хуралдаан, дугуй ширээний уулзалт, яриа явагддаг. 

Протокол хөтлөдөггүй, ямар ч тогтоол гаргадаггүй. Тэр утгаараа оролцогчдод маш их мэдээлэлтэй, ач холбогдолтой болж чаддаг байна. Өөрөөр хэлбэл, Давос бол дэлхийн улс орнууд хоорондоо ний нуугүй ярилцдаг, цаашдын үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлоход хэрэгтэй бодит мэдээлэл олж авах гол эх сурвалж, даяарчлалд маш чухал үүрэг гүйцэтгэсэн, хамгийн чухал арга хэмжээний нэг юм.

Одоо болж буй 54 дэхь удаагийн чуулганд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Түүнчлэн, чуулганыг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн чуулган “Итгэх итгэлийг сэргээх нь” сэдвийн дор болж байгаа аж.

ДАВОС БОЛ МОНГОЛОО СУРТАЛЧЛАХ ТОМ ТАЛБАР

Чуулга уулзалтыг зохион байгуулагчид оролцох улсуудаа тусгай шалгуурын дагуу сонгож урилга явуулдаг. Оролцоо сул орнуудыг урихаа больдог. Монгол Улс харин тасралтгүй оролцсоор ирсэн гэж бодохоор бид өнгөрсөн жилүүдэд Давосын форумын хүлээн зөвшөөрөгдсөн түнш байж чаджээ.

Түүх сөхвөл, манай улс Давосын чуулганы уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, ус, байгаль орчны чиглэлийн хурал, хэлэлцүүлэгт түлхүү оролцож иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцон “Азийн супер сүлжээ” төсөл, бүс нутгийг хамарсан эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд гарах боломж, эрсдэлийн талаар хэлэлцэхэд улсынхаа байр суурийг илэрхийлснийг энд дурдаж болно.

Энэ уламжлал одоо ч үргэлжилж байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцох үеэрээ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт төлөвлөжээ.

Түүнчлэн, Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана, олон улсын үндэстэн дамнасан корпорациудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах санал солилцоно гэсэн байна.

Давосын чуулга уулзалт дахь Монголын нэг том орон зай нь “Монголын үдэш” арга хэмжээ байдаг. Улс орноо сурталчлах, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх зорилготой уг арга хэмжээг 2017 онд 500 гаруй төлөөлөгч үзэж сонирхож байв. Өөрөөр хэлбэл, Монголыг сонирхох сонирхол жилээс жилд нэмэгдэж байгааг эндээс харж болох юм. Нэг ёсондоо Давос бол улс орондоо хэрэгтэй мэдээлэл цуглуулахаас гадна эх орноо дэлхий нийтэд сурталчлах маш том талбар болдгоороо онцлогтой.

“Өвлийн Давос” энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.79
    2024/01/16

    Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed

    Хариулах