"Өнөө жил Сүхбаатар, Хэнтий аймгийн наадамд 30 хүрэхгүй азарга уралдаж, 10 хүрэхгүй нь барианд орсон" гэсэн чихэнд чимэггүй мэдээ олж уншчихаад, хэдэн жилийн өмнөөс сэтгэлд дараатай явсан болгоомжлол, санаа зовинол сэдэрч орхив.
2022 онд юм. “Энэ жилийн наадмаар цэвэр монгол цустай адуу хамгийн дээд тал нь наймаар давхилаа” гэсэн яриа чих дэлсэхээр нь зорин байж хурдан морины цол дуудах ёслолыг үзэж билээ. Айрагдсан морьд нь бүгд бараан, тэр тусмаа хээр, хүрэн, зээрд зүстэй, ихэнх нь сартай байсан. Одоо бол байдаг л дүр зураг, гэхдээ тэр үед бол содон байсан. Алдсан байж болох ч би л хувьдаа нэг цэвэр цусны монгол морь олж хараагүй. Ганц нэг байсан байж болох ч энэ нийтлэлийг бичихгүй байх шалтгаан болж чадахгүй юм.
Монгол наадмын хурдан морины уралдаан үнэндээ цэвэр монгол морины уралдаан байхаа больж, шахагдаж гарсан юм байна. Сая хоёр өдөр хурдан морины сэрвээ хэмжих, шүдэлгээ хийх ажиллагааг орон даяар шууд үзүүллээ. Монгол морьд маш цөөхөн байна.
2022 оноос улсын наадамд уралдах морьдод шинж төрхийг нь тооцохгүй, сэрвээний өндөр гэсэн ганцхан шалгуур тавьсан. Холбогдох албаныхан Морины комиссын гишүүд авлига авч, эрлийз морь оруулдаг, түүнчлэн ашиг сонирхлын зөрчлөөр дургүй уяачийнхаа морьдыг эрлийз байна гэж хасдаг гэх гомдол санал их ирсэн учир дээрх аргаар шийдсэн гэж тухайн үед холбогдох албаныхан мэдэгдэж байлаа. Ингээд нас, насны сэрвээний өндрийн дээд хязгаарыг Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу ХХААХҮЯ мэргэжлийн холбоодтой хамтран тогтоосон юм. Сэрвээний өндөр тогтоодог нь угтаа эрлийз морьд улсын наадамд уралдахаас сэргийлэх зорилготой.
Гэвч бодит байдал дээр Монгол наадмыг эрлийз адууны наадам болгох дүрэм баталчихжээ.
ХХААХҮЯ нас, насны морьдын сэрвээний өндрийг мэргэжлийн холбоодтой хамтран гаргахдаа Стандарт хэмжилзүйн газраас баталсан “Монгол адууны стандарт”-аас өндрөөр тогтоосон нь үүнд нөлөөлсөн гэж харж байна.
Д.Самданжамц /Монгол Улсын гавьяат малзүйч, адуу судлаач/:
Манайд стандарт байдаг ч хэрэгжүүлдэггүй, журмаа ч мэдэхгүй хүмүүс комисст ажилладаг. Их насны морины сэрвээний өндөр л гэхэд 141 см гэж тогтоогоод үүнээс дээш бол эрлийз, доош бол монгол адуу гэнэ гэж байгаа юм. ГЭТЭЛ ИЙМ ӨНДӨРТЭЙ АДУУ 1000-Д ГАНЦ Л ГАРНА. Энэ бол эрлийз адуугаа монгол адуутай хольж уралдуулах гэсэн арга.
Наадмын стандарт буюу ХХААХҮЯ, мэргэжлийн холбоодтой хамтран баталсан журам | Стандартчилал, хэмжилзүйн газрын баталсан монгол адууны стандарт |
Их нас 141 см |
|
Азарга, 140 см | 135-139 см |
Соёолон 140 см | 132-137 см |
Хязаалан 137 см | 128-130 см |
Шүдлэн 132 см | 125-128 см |
Даага 127 см | 122-125 см |
Гаднын хурдан удмын адуугаар цус сэлбэсэн эрлийз морьд сүүлийн жилүүдэд наадам өнгөлдөг болсон ч түүнээс хойш цэвэр цусны монгол адуу нэг ч айраг авах боломжгүй болж хувирлаа.
Ц.Дуламсүрэн /Монгол Улсын Тод манлай уяач/
2011 оны улсын наадмаар эрлийз, монгол морьдыг тусад нь уралдуулсан юм. Тэгэхэд монгол морьдын зургаан насны 30 айрагнаас ганцыг нь л эрлийз морь авч байв. 10 жилийн дараа 2020 оны наадмаар зургаан насанд айрагдсан 30 морины 29 нь эрлийз, ганц нь л монгол морь байсан.
Албаныхны хэлсэнчлэн, гадаад байдлаар шинжихээс татгалзсан нь Морины комиссын хэдэн нөхдийг авлига авахаас сэргийлсэн (Морины комиссын гишүүн авлига аваад баригдлаа гэж ер дуулдаагүй) байж болох ч сэрвээний өндрөөр хэмжих нь оновчтой юу гэдэг асуудлыг цаашдаа ярих л хэрэгтэй болж байна.
Сэрвээний өндрийг монгол морьдынхоос өндрөөр тогтоочихоор эрлийз морьдод хаалт болж чадахгүй нь батлагдчихлаа шүү дээ.
Гараанд гарч байгаа морьд биш юм гэхэд өнгөний морьдын ихэнх нь 50, 25 хувийн цустай буюу нэг, хоёрдугаар үеийн эрлийз байна.
Монгол хүний хувьд таатай санагдсангүй. Хурдан морь уях арга барил бол бол бидний өв соёл, ялгарал мөн. Гэтэл энэ ялгарал, үндэстний дархлаа маань сулрах вий.
Монгол уяачид монгол морио уламжлалт арга барилаараа уяа сойлгыг нь тааруулж, эрлийз морьдтой өрсөлдүүлэх бодол нь яаж ийгээд эрлийз морьтой болох хүслээр эргэлт буцалтгүй солигдох вий гэсэн айдас байна.
Уяачидтай ярилцаж үзэхэд эрлзийз адууны сайн тал нь ганцхан буюу хөлийн хурд сайтай. Харин саар тал нь тэсвэр муутай, өвчинд өртөмтгий, мах нь идэхэд төдий тохиромжгүй гээд чамгүй олон аж. Нэгэн уяачийн хэлснээр, монгол адуу хэт их эрлийзжвэл Монгол Улс нэг хатуу өвөл хамаг адуугаа тавиад тууж мэдэх гэнэ. Адуу бол таван хошуу малын нэг. Таван хошуу малын аюулгүй байдал монгол хүний, цаашлаад төр улсын хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой. . Тиймээс аюулгүй байдлаа ч бодсон, адууны дийлэнх нь цэврээрээ байх нь чухал гэх санааг илэрхийлэх малчид олон байв. Тэдний зөв гэж бодно.
Малтай айл болгон шахуу адуутай, адуутай монгол эр хүн бүр уяач байдаг. Санасандаа ч яаж ийгээд хүрдэг. Импортын, эрлийз морьдтой болъё гэж бодох л юм бол монголын адуун сүрэг маш хурдтай эрлийзжинэ. Улмаар дээр хэлсэн муу таамаглал бодит болох нөхцөл бүрдэх нь тодорхой. Төр засаг наадмын хурдан морины уралдааны журмаа эргэж нэг харах ёстой гэдэг нь сая харагдлаа шүү дээ.
Хурдны өлгий Хэнтий, Сүхбаатарт яагаад цөөхөн морьд уралдав. тэгсэн хэр нь Улсын наадамд яагаад цэвэр цусны монгол адуу цөөн байна вэ. Энэ бол мөнгөтэй холбоотой. Тэр их мөнгө нь уяач болгонд байхгүй. Морь уях уламжлалт монгол ухаан, өв соёлоо тээж яваа эгэл жирийн малчин, адуучин залуучууд байгаа морьдоо наадамд сойж үзэх хүсэлтэй байгаад байдаг. Гэсэн ч түрүү айраг ямар ч боломжгүй учраас шантраад байна.
Үр дүн өөрөө ярьдаг, хүүрнэн өгүүлдэг. Энэ жилийн наадмын хурдан морины уралдааны үр дүн “Одоогийн журам чинь эрлийз морьдод хаалт болж чадахгүй байна шүү. Тийм учраас өөрчил өө. Өөрчлөхгүй бол цаашдаа монгол морьд улсын наадамд уралдахгүй, өв соёл бүдгэрч, удмын сан нь ч асуудалд орно шүү” гэж хэлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.52
Ta nar uursduu l gadnaas mori avchirdag shd
Хариулах