Хойд эцгийн хэрцгийллээс үүдэж хорвоог орхисон үрс

2023/09/29

Долоохон настай хүү алга болоод амьгүй олдсон гэх харамсалтай мэдээлэл хаа сайгүй түгээд байна. Харуусал дагуулсан энэ хэргийн ард хэн байв. Хэзээ, юуны учраас ийм жаахан амьтан тийм хатуу харгислалыг туулахад хүрэв. Асуултын хариултыг авахаар албаны эх сурвалжаас тодруулахад "Дорнод аймагт нас барсан 7 настай хүүгийн хэрэгт 34 настай Б буюу хүүгийн хойд эцгийг холбогдуулан шалгахаар цагдан хорьсон" гэх мэдээллийг өгөв. Бас л нөгөө хойд эцгийн асуудал. Нийгмийг цочроосон хэрцгий хэргүүд, түүний дотор хүүхдийн хүчирхийлэл хар дарсан зүүд шиг хаа сайгүй гарах болов. Баримт түшье.

Баримт 1.

1990 оны намар зургаан настай Н гэх охиныг хойд эцэг нь “Гэр цэвэрлэсэнгүй” хэмээн хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байсан талаар хэвлэлийн шар хуудсанд баримт болон үлджээ. Талийгаач Н охиныг төрсөн ээж нь нөхөртэйгөө нийлэн хүний санаанд буумгүй хэрцгий байдлаар эрэмдэглэсэн байсан талаар тухайн үед нийгэм даяар шуугиж байв. Гэвч бид тэгээд л мартсан. Хүчирхийлэл үргэлжилсэн. 

Баримт 2.

Хойд аавдаа байнга зодуулдаг байсан хүү 2006 онд Хан-Уул дүүрэгт гэрийнхээ паарнаас өөрийгөө боож амиа хорлосон хэрэг гарав. Амиа хорлосон хүү “Ээж ээ, би таныг өрөвдөж байгаа учраас үхэхээр шийдлээ. Та надаас болж аавтай дандаа зодолддог шүү дээ” гэсэн гэрээслэл үлдээгээд хорвоогоос одсон байдаг. Хүчирхийлэл үргэлжилсээр. 

Баримт 3. 

2007 оны арванхоёрдугаар сар. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хойд эцэг нь хоёр настай дагавар охиноо хөнөөсөн жигшүүрт хэрэг гарсан. Хэргийг 31 настай Ө.А архидан согтуурсан үедээ үйлдсэн тухай цагдаагийн рапортод тэмдэглэгдэн үлджээ. Хойд эцгийн харгислал үргэлжилсээр.

Баримт 4.

 2015 оны хоёрдугаар сард дөрвөн настай охин О өөрийн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарт онц хэрцгийгээр зодуулж амиа алдав. Талийгаач охины биед хуучин хөхрөлт, шарх сорви их байсан бөгөөд удаа дараа зодуулдаг байсан нь шүүхээр тогтоогдсон юм. Жигшүүрт энэ хэрэг гарсны дараа нийгэм даяар бөөн шуугиан дэгдэв. Амтай болгон хүүхдиийн хүчирхийллийг тэвчихгүй хэмээж, албаны хүмүүс ч анхааралдаа авч,  ахиж ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлнэ гэцгээж байв. Гэвч хүчирхийлэл бахь байдгаараа. 

Баримт 5. 

2019 оны арванхоёрдугаар сар. Сүхбаатар аймгийн Онгон суманд дөрвөн сартай нялх хүүхэд гаднын нөлөөтэй нас барсан. Эл хэрэгт хойд эцэг буюу ээжийнх нь хамтран амьдрагч 46 настай А-г буруутгасан юм. Хэрэг гарах үед тэд хамт байсан бөгөөд нярай их хэмжээний цус алдсан, гавал тархины гэмтэлтэй амиа алдсан байдаг. Хүчирхийлэл үргэлжилсээр 

Баримт 6.

 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр. Хэнтий аймгийн Хэрлэн суманд нэг ой гурван сартай болон хоёр настай ах дүү хоёр хойд эцэгтээ зодуулж, ах нь амиа алдсан аймшигт хэрэг гарав. Ой гурван сартай  дүү нь биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдсэн бол хоёр настай ах нь эмнэлэгт хүрч чадалгүй амьсгал хураасан байдаг. Хэргийг мөн л эцэг нь үйлдсэн нь тогтоогдов.  Харгислал үргэлжилсээр. 

Баримт 7.

 2020 оны дөрөвдүгээр сар. Хөвсгөл аймагт хойд эцэг нь дагавар охиныхоо хоолойн тус газарт нь хоёр удаа хутгалж, амийг нь хөнөөсөн хэрэг гарав. Хэргийг 34 настай Л.М үйлдсэн бөгөөд хэргийн газраас зугтаж, гэрээсээ 10 км зайд очиж, модноос өөрийгөө боомилж нас барсан гэдэг. Хүний санаанд багтамгүй хүчирхийллийн хэрэг үргэлжилсээр. 

Баримт 8.

2020 оны 9 сарын 20-ны өдөр. Есөн настай охин Э хойд эцэгтээ онц хэрцгийгээр зодуулж амиа алдлаа. Шүүхийн шинжилгээгээр талийгаач охины хавирганууд нь хугарч, бороолоод эдгэсэн, 12 хуруу гэдэс нь няцарсан байсныг тогтоосон байдаг. Эцсийн амьсгалаа хураах хүртэл  тэмцсэн бяцхан охины үхэл нийгмийг цочроож, нийтээрээ бид  хүчирхийллийн талаар ярьсан. Гэвч удалгүй мартсан. 

Баримт 9.

Энэ оны эхээр гуравхан настай хүүг хэвтэрт ортол нь зодсон хойд эцгийн хэрэг чих дэлсэв. Өнгөрөгч гуравдугаар сард болсон эл хэргийн улмаас өнөөдрийг хүртэл бяцхан хүү эмнэлгийн орноос босож чадсангүй, Турк улсад эмчлүүлж байна. Хүүг амьдын тамд унагасан хойд эцэг нь харин шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах тухай яриад явж байх. Ийм л харгис, хатуу нийгэмд бидний үр хойч амьдрах гэж тэмцэх. Өнгөцхөн харахад энэ бүх хүчирхийлэл "хойд эцэг" гэх далбаан дор үйлдэгдэж буй мэт. Гэвч том агуулгаар нь харвал нийгмийн нэгж хэсэг болох гэр бүл гэдэг ойлголт манай улсад ямар сул дорой, чадамжгүй байгаагийн илрэл юм. Ийм гэр бүлд, ийм нийгмийг бид үр хүүхэддээ үлдээх гэж үү. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.140
    2023/09/29

    аав нь болдоггүй юм аа гэхэд хүн шиг харьцаж болдоггүй юм байх даа фяздуунууд

    Хариулах
  • 202.170.73.198
    2023/09/29

    Маш харамсалтай

    Хариулах
  • 202.170.73.198
    2023/09/29

    Дэндүү харамсалтай

    Хариулах