Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахаа болих нь монгол хүний удмын санг доройтуулах аюултай

Х.Батсайхан
2023/10/19

-Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахаа больж болохгүй, дарга нар л оролцохоо больчих-

Спортыг цэвэр шударга өрсөлдөөний талбар байлгахад допингтой тэмцэх ажил чухал үүрэгтэй. Наадмын бөхийн шинжилгээний хариу анхаарал татаж буй энэ үед бид уншигчдадаа энэ ажлын талаар ойлголт өгөх үүднээс чухал гэж үзсэн мэдээллийг асуулт, хариулт маягаар бэлтгэн хүргэж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Үндэсний бөхийн тамирчдаас допингийн шинжилгээ авах нь зөв эсэхийг асууна гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тиймээс санал асуулгад ороцлохолор төлөвлөж байгаа бөх сонирхогч монголчууддаа өмнөтгөл болгож, бага сага мэдээлэл орууллаа. Өгөх гэсэн эхний "шипи" нь "Үндэсний бөх бол монголчуудын ялгарал, нэг том дархлаа бөгөөд үндэсний бөхчүүд харин монгол үндэстний хамгийн шилдэг генийг тээгчид юм" гэдэг санаа. Харин хоёр дахь нь "Допингод хандах дэлхий нийтийн чиг хандлага цэвэр шударга өрсөлдөөнийг хангах" агуулгаа аль эрт гээж, тамирчдын эрүүл мэндийг хамгаалах гол агуулгатай болон" гэдгийг дуулгах гэсэн юм. Монголчуудын ажил амьдрал төдийлэн хангалуун элбэг биш, гэхдээ өндөр амжилт гаргасан бөхчүүддээ байдгаа барьж, амьдралыг нь шийдэж өгдөг өнөө үед үндэсний бөхөд /Хэдий жингийн ангилалгүй ч гэсэн/ допингийг сул чөлөөтэй тавьж орхивол их багагүй хэрэглэж, магадгүй, монголчуудын хамгийн шилдэг сайн ген устахад хүрнэ /Допинг хэрэглэсэн эрэгтэй хүнд илрэх хамгийн түгээмэл шинж нь шодой хөвчрөхөө болих, үргүй болох гэдэг/. Тодорхой баримттай жишээ ч бий. Тиймээс санал асуулга үнэхээр явуулж байвал тэр нь Монгол Улс, монголчуудад лавтай сайн үр дагавар авчрахгүй гэдгийг сайтар бодолцохыг сануулах гэсэн юм. Шуудхан хэлэхэд гаднын бодлогыг дэмжсэн болно. 

"Монада" гэдэг байгууллагын тухайд, Дэлхийн дпоингийн эсрэг байгууллагатай тохирохгүй байгаа асуудлууд нь төрийн оролцооноос шалтгаалсан юм билээ. Түүнээс биш Монголын шилдэг тамирчид байнгын хяналтдаа хамрагдаад, асуудалгүй явж байгаа. Үүнийг дэлхийн түвшний шилдэг тамирчидтай ямар ч спорт холбооноос асуусан хэлэх байх. Үндэсний бөх дээр л асуудал гардаг нь "Монада" гэхээсээ илүү улстөрчдийн оролцооноос болдог байх магадлал өндөр. Тиймээс бөхчүүдээс допингийн шинжилгээ авч цэвэр шударга өрсөлдөөнөө ч хангая, эрүүл мэндийг нь ч хамгаалья. Харин эрх мэдэлтнүүд допингийн асуудалд оролцохоо больчих гэсэн санал байна.  

Эцэст нь, дэлхий допингтой хэрхэн тэмцдэг талаар иргэдээс асуудаг хамгийн түгээмэл 10 асуултад мэдээлэл цуглуулж хариулснаа хүргэж байна.      

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ тамирчдыг хэрхэн хянадаг вэ?

ADAMS гэж систем бий. Энэ систем нь спортын төрлүүддээ өндөр амжилт гаргадаг, гаргах магадлалтай тамирчдыг хянадаг систем юм. Хамрагдсан тамирчин нь дуудсан цагт бэлэн байж, шинжилгээ өгөх үүрэгтэй. Манай Монголд ч ADAMS системийн байнгын хяналтад байдаг шилдэг тамирчид олон бий. Дуудсан цагт ирж сорьц өгөөгүй бол хариуцлага хүлээлгэдэг. ДДЭА энэ маягаар дэлхийн бүх улс оронд олон тамирчныг байнга хянаж байдаг.

Допингийн шинжилгээг хаана хийдэг вэ?

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-аас итгэмжлэгдсэн лабораториудад хийдэг. Одоогийн байдлаар итгэмжлэгдсэн 29 лаборатори байгаа бөгөөд үүний зургаа нь /Токио, Сөүл, Бангкок, Бээжин, Дели, Доха/ Ази тивд байна.

А, Б сорьцынхоос шинжилгээний дүн зөрөх боломжтой юу?

Боломжгүй. Тамирчнаас нэг удаа авсан дээжийг хоёр саванд хувааж хийснээ А, Б гэж нэрлэж байгаа юм. Тиймээс А, Б сорьцийн шинжилгээний хариу зөрөх боломж байхгүй гэж хэлж болно.

Сэргээшийн шинжилгээ хийлгэхэд тамирчнаас мөнгө гаргадаг уу?

А сорьцыг шинжлэхэд тамирчнаас мөнгө гарахгүй. Хариу эерэг гарсан тохиолдолд тамирчин өөрийн хүсэлтээр Б сорьцыг шинжлүүлж болох бөгөөд энэ тохиолдол зардлыг өөрөө төлөх хэрэгтэй болдог.

Шинжилгээ хийхэд хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?

7-14 хоног болдог. Түүнээс улдаан шинжилсэн жишээ маш ховор.

Допинг хэрэглэсэн тамирчинд ямар шийтгэл ногдуулдаг вэ?

Допинг нь хүч чадал, тэсвэр тэвчээр, авхаалж самбааг нэмэгдүүлдэг төрөл, тэдгээрийг хэрэглэснээ нуун дарагдуулах зорилгоор хэрэглэх боломжтой эм, эмийн бүтээгдэхүүн гээд дотроо ялгаатай. Сүүлийн үед зүрхний ажиллагаа сайжруулж, бэлтгэлийн цагийг нэмэгдүүлдэг эм хориотой эмийн жагсаалтад орж ирж байна. Тэдгээрийн аль нь илэрснээс шийтгэлийн хэмжээ хамаардаг явдал бий. Стеройд, станазолол зэрэг хүчтэй бэлдмэл бол 2-4 жил, бүх насаар нь эрх хасах ч шийтгэл ногдуулах магадлалтай. Допинг хэрэглэчихээд түүнийгээ биеэсээ зайлуулах зорилготой байж болзошгүй гэж үзээд шээс хөөх зориулалттай фуросемид, бусдаасаа илүү бэлтгэл хийх боломжийг олгодог гэдэг утгаар зүрхний мелдониум зэрэг эмийг мөн хориглосон бодисын жагсаалтад оруулсан байдаг.   

Нэг шинжилгээг хэдий хэмжээний зардлаар хийдэг вэ?

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-тай холбоогүй, цэвэр арилжааны зорилгоор допингийн шинжилгээ хийдэг VADA гэж байгууллага бий. Энэ байгууллага мэргэжлийн бокс, холимог тулаан зэрэг мэргэжлийн спортын холбоодтой гэрээлж, допингийн шинжилгээг нь хийж өгдөг. Зардлыг энэ байгууллагын жишгээр харвал нэг допинг тестийг 2000-2500 ам.доллараар хийхээр гэрээлдэг байна. Гэхдээ энэ нь баян, мэргэжлийн холбоодын үнэ бөгөөд бүх нийтийн марафон зэрэг төсөв багатай байгууллага, тэмцээнтэй нэг шинжилгээг 500 ам.доллараар хийх нь ч бий.

Допингийн шинжилгээний зардал яагаад өндөр байдаг вэ?

Үнэндээ шинжилгээний зардал 500 ам.доллар байсан ч маш их мөнгө шүү дээ. Ийм үнэтэй байдаг шалтгаан нь био шинжилгээ авах нарийн төвөгтэй журам, тоног төхөөрөмжийн өвөрмөц байдал юм. Туршилтыг тусгай өрөөнд (тэмцээний үед) тусгайлан бэлтгэгдсэн хүмүүсийг байлцуулан тусгай зориулалтын шилэн саванд авч, дараа нь тусгай саванд тээвэрлэж, баталгаажсан лабораторид хадгалдаг. Эдгээр лаборатори нь бүх улс оронд байдаггүй тул заримдаа дээжийг хэдэн мянган километрийн зайд тээвэрлэх шаардлагатай болдог.

Жингийн ангилалгүй, мэргэжлийн спортод допинг шалгах шаардлагагүй юу?

-Допингтой тэмцэх нь спортыг цэвэр шударга өрсөлдөөний талбар байлгах ганц агуулгаасаа хальж, тамирчдын эрүүл мэндийг хамгаалах, хэрэглүүлэхгүй байх тал руу явж байна. Өмнө нь тодорхойгүй байсан “Тамирчдад үзүүлэх сөрөг нөлөө” нь илүү тодорхой болсон нь үүнд нөлөөлсөн бөгөөд допинг хэрэглэсэн тамирчдад хүлээлгэх хариуцлагыг улам хатуу чанга болгохыг шаардаж буй.  

-Допингтой тэмцэх ажилд хэчнээн мөнгө эргэлддэг вэ?

-Допингтой тэмцэх ажилд эргэлдэж буй мөнгөний хэмжээ тодорхойгүй. Мэдээлэл хоорондоо ихээхэн зөрүүтэй байдаг. Дэлхийн Допингийн эсрэг байгууллага болон ижил чиг үүргийн байгууллагуудын нийт төсөв 300 сая ам.доллараас нэг тэрбум ам.долларт хүрнэ гэсэн мэдээлэл бий. ОУОХ зардлын хэмжээг 300 сая гэж хэлдэг. Торгууль, Спортын арбитрын шүүх /CAS/-ийн зардал, эмнэлгийн зөвлөгөөний зардал зэргийг нэмбэл тэрбум долларт хүрнэ. Өөрөөр хэлбэл, спортыг цэвэр байлгахын тулд ийм хэмжээний мөнгө зарлагаддаг гэсэн үг.

Гэхдээ энэ хүчин чармайлтыг тойрч гарахтай холбоотой асуудалд  бүр ч их мөнгө эргэлддэг гэсэн хардлага, батлахыг оролдсон судалгаанууд бий. Тухайлбал, Италийн нэг судалгааны байгууллага дэлхийн допингийн жижиглэнгийн зах зээлийг 50 тэрбум доллар гэж тогтоосон байдаг. Энэ 50 сая ам.долларын 15 тэрбум нь мэргэжлийн спортод ногддог гэжээ. Энэ бол шударга бус тамирчид болон тэдний дасгалжуулагчдын шударга бус ялалтаа хүчинтэй үлдээх хүслээс үүдэлтэй хууль бус зардал юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.68
    2023/10/20

    Будаач будаач гэхээр сахалаа будав гэгчээр энэ нэг сайхан мэдэмхийрдэг этгээд өөрийнхөө хорон санааг хэрэгжүүлэх нэг алхамыг хийж байна.монголын ард түмнийг хагалан бутаргах,бөхчүүдийн удамын санг устгах монгол бөхийг допингоор хордуулж үгүй хийх,монголын өв соёлын нэгийг устгах ажил хийж байна.эцэст ард түмэн шийдсэн би буруугүй гэнэ шүү.энэ бол монголыг хорлон сүйтгэх ажиллагаа,тусгаар тогтнолын эсрэг үйл ажиллагаа.энэ нөхрийг төрөөс хурдан зайлуулая.

    Хариулах
  • 202.21.107.31
    2023/10/19

    Arhi as iluu udmiin San dormitory bolov uu? A.Suhbat avragiin udmiin sang doroitsoniig togtooson uu? 100000 beh baigaa 10 huvi ni doping hergeldeg gavel 100 hunii udriin doroitol 100000 arhichiniihaas davaa uu? dopingiin shinjilgeenii avah yostoi ni medeej Gehdee hen negnees shinjilgee avahiig huselt gargachiin zardlaar serduulegchiin umgeelegchiig bailtsuulan deej avch shinjildeg bolvol zugeer baih aaa

    Хариулах