СПИКЕР, САЙД ХОЁРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ОЛЗ: Монголд өнөөдөр Баялгийн сангийн хуулиас илүү Худалдааны хууль хэрэгтэй

Х.Батсайхан
2025/04/24

-Хожигч нь төр, чейнж, сүлжээ дэлгүүр, хохирогч нь үйлдвэрлэгч, хэрэглэгчид байдгийг болиулья-

Гурилын гаалийн татварыг тэглэсэн шийдвэрийг буцаах эсэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэж байгаа энэ энэ цаг үед Монголд худалдааны тухай хууль үгүйлэгдэж байгаа сэдвийг хөндөж байна. 

Худалдааны хууль баталснаар стандарт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ

Гурил, тэжээлийн гаалын татварыг тэглэсэн шийдвэрийг хүчингүйд тооцох эсэх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаяр нарын хооронд мэтгэлцээн үүсэж, эцэстээ сайд тээвэрлэгчид, жижиглэн худалдаачдыг буртуутгах хандлага ажиглагдав.  

Энэ нэг талаар зөв. Мэтгэлцээнээс санаа гардаг. Харин УИХ болж бүтэхгүй асуудлыг нэг хууль батлах, хүчингүй болгохдоо ашиглаад орхих биш, мэдсэн даруйдаа засдаг байх учиртай.  Аль ч салбарт хууль эрхзүйн зохицуулалтыг сайжруулах замаар нийгэм, эдийн засагт эерэг үр дүн гаргах боломж байдаг. Энэ үүрэг, эрх нь гагцхүү төрд бий. Манайд ч зөвхөн Баялгийн сан гэж туйлшралгүй яг энэ аргаар буюу зарим салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулж, баялгийн хуваарилалтыг тэгшитгэн иргэдийнхээ амьжиргааг тэтгэж, дундаж давхаргаа тэлэх боломж байна. Гагцхүү төр буюу төрийн нэрээр эрх барьж байгаа хүмүүүс хүсэж байна уу гэдгээс их зүйл шалтгаална.

Монгол Улс шилжилтийн үеийг гэтэлгэсэн гэж ярьдаг ч зарим салбарт, тухайлбал, худалдааны салбарт хууль эрхзүйн нарийн зохицуулалт тавьж чадалгүй явсаар өдийг хүрлээ. Гадны улс орнуудад Худалдааны салбарт нарийн хууль тогтоомж үйлчилдэг бөгөөд түүндээ хэдий зах зээлийн эдийн засаг, чөлөөт өрсөлдөөний зарчимтай хэдий ч олох ашгийн хэмжээг нарийн тодорхой зааж өгсөн байдаг. 

Тухайлбал, жижиглэн худалдааны салбарт шат дамжлага байж болох ч олох ашгийг 10-15 хувь хэмээн хатуу тогтоосон байх жишээтэй. Оролцогчид нэмэгдэж болох ч тухай бүрт өртөг шингээж, тодорхой стандартыг хангах үүрэгтэй нь мэдээж.

БНСУ-д ажиллаж, амьдарч үзсэн хүмүүс мэдэх байх. Нэг бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очих хүртлээ дор хаяж 4-6 дамжлага дамжиж, тухайн дамжлага бүртээ ажлын байр бий болгож байдаг. 

Тэгсэн хэр нь үнэ нь өм цөм өсдөггүй. 5 үйлдвэр дамжихдаа 10, 10 хувийн ашигтай дамжуулаад, хэрэглэгчдэд хүндрэл учруулахгүйгээр хүмүүсээ ажлын байраар хангадаг. 

Харин манайд жишээ нь махан дээр малчин, чейнж, худалдагч гэсэн гуравхан шат дамжлагатай, чейнж нь тээвэр гэх мэт бусдаар гүйцэтгүүлж болох үүргээ өөрсдөө хариуцдаг. Чейнж ч, худалдагч ч үнийг тус бүртээ 20-30 хувь өсгөн хэрэглэгчдийн нуруун дээр асар их ачаа үүрүүлдэг. Энэ байдлаас Худалдааны хуулийг баталж, хэрэгжүүлж байж л гарна. 

Өнөөдрийн топ сэдэв болсон гурил дээр л гэхэд үйлдвэрээс 1500 төгрөгөөр гарч байгаа гурил хэрэглэгчийн гар дээр 2800-3500 төгрөгөөр очиж байгаа асуудал яригдлаа. Хэрвээ хууль батлагдчихвал ашиг, үнэ тодорхой болно. Худалдаачдын цаана сул ашиг хүртэж, гурилын үнийн нэмэгдэлд нөлөөлж байгаа зах, худалдааны төв, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид ч дэг журмандаа орох юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.145
    2025/04/24

    Энэ хууль гарвал зүгээр юм бишүү хятадаас бараа оруулж ирээд хэд дахин нугалж ашиг олдог наймаачидыг цэгцлэх хэрэгтэй

    Хариулах