Намайг “бүтээсэн” багш нар минь

Х.Батсайхан
2024/04/08

Айл өрх, хувь хүний өсөн дэвжих, уруудаж доройтох нь зөвхөн өөрөөс нь шалтгаалдаг шударга, басхүү харгис ч гэмээр нийгэмд бид амьдарч байна. Амьдралын энэ эрчимтэй хэмнэл биднийг гэр бүлийн аз жаргалаас алсруулж, үр хүүхэдтэйгээ байх нандин цаг хугацаанаас хумсалж байгааг мэдрэх тусам өнөө цагт үр хүүхдийг минь би өөрөө биш, багш нь илүүтэй хүмүүжүүлдгийг ойлгодог юм. Ингэж бодох бүрт өнөөдрийн “Би” гэдэг хүнийг бүтээхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн ачтануудаа санадаг аа.  

Хүн таван наснаасаа хойших үйл явдлыг санаж, өмнөхийг нь мартчихдаг л гэдэг. Харин би яагаад ч юм бэ, хоёр, гурван настай байх үеийнхээ үйл явдлыг ч санаад байдаг юм. Ялангуяа хоёр настай байхдаа цэцэрлэгт орсон өглөө өчигдөр мэт тодхон санагддаг гээч. Анх Найрамдлын районы Долдугаар цэцэрлэгийн босгоор алхаж биш, ээждээ чирэгдэж, тэрүүхэндээ дуулиантай орсон болохоор ч тэр байж магадгүй. Төрсөн гэрээс ангид харь ертөнцөд анх удаа үлдэх болсон би уйлж, ээжийнхээ хойноос гүйн гарлаа гэтэл ариун цэврийн өрөө рүү орчихсон байж билээ. Гарах хаалга, ариун цэврийн өрөөний хаалга зэргэлдээ байж л дээ. 

Ээжийг гаран гартал намайг тэвэрч саатуулсан “муу” эгч харин араас минь орж ирээд, загнах болов уу гэтэл “Миний хүү, битгий уйл, ээж нь удахгүй ирж авна. Энд зөндөө олон “маамуу”-нууд байгаа. Гарч ирээд хар даа. За  нааш ир” хэмээн намуухан дуугаар хэлж билээ. Тэр хүн миний анхны багш байсан юм. Сэтгэл санаа тун хэцүүхэн байсан  ч би тэр өдөр “жижүүр” хийн /Ширээн сандал байрлуулж, аяга таваг өрсөн/ бусдаас талархал сонсож, хамт жижүүр хийсэн Ундармаа гэдэг охин миний анхны найз болсон юм. 

Дараа нь урлан бүтээх хичээл ороход багш намайг бусдаас арай илүү анхааран хүүхдүүдээр туслуулж, би ч хичээсээр амьдралдаа анх удаа багшаас магтаал сонсож билээ. Үнэндээ урласан бүтээл минь олигтой болоогүй гэдгийг мэдэж байсан ч надад сайхан санагдаж, бяцхан зүрх минь тэрүүхэндээ л булиглаж байсан юм. Цэцэрлэгийн босгоор ээждээ чирэгдэж, чаргууцалдаж орсон би маргааш нь ангийнхаа босгыг өөрөө, итгэлтэйгээр алхан давсан. Энэ цагаас хойш би амьдралын олон ч “босго”-оор алхаж орсон. 

Бүтэн нэрийг нь тогтоох ч ухаан үгүй балчирхан ахуйд минь учирсан ч оюун санаанд минь “Отгоо багш” хэмээн үүрд дурсагдах тэр хүн надад хаалга бүхний цаана “мангас” байдаггүйг мэдрүүлж, амьдралын олон, олон “хаалга”-ыг итгэлтэй татах итгэл, “Бага нас минь жаргалтай өнгөрсөн” хэмээн сэтгэл хангалуун бодохын нэг шалтгааныг өгсөн билээ.

Ташуу зураас тавихаас эхлээд А үсэг анхлан заасан Светлана Сергеевна хэмээх эрхэм багшаа дурьдахгүй өнгөрвөл алдас болно. Лениград хавиар нутагтай шаргал үстэй багшаа үргэлж санан дурсана. Монголоор нэг ч үг мэдэхгүй багш, оросоор нэг, нэг дуу, шүлэг, 10 хүртэл тоолохоос өөр эрдэмгүй шавь нар бэлтгэл ангиас эхлэн зууралдсаар чөлөөтэй ойлголцдог болчихсон байсан нь одоо сонин санагддаг аа.   

Дунд, дээд сургуульд олон сайхан багшаас номын дуу сонссон ч “Боломж байгаа, чи чадна” хэмээн урам хайрласаар “Сайжирсан” хүүхдийн тоонд оруулсан 54 дүгээр сургуулийн /"Эрдмийн ундраа"/ Т.Туяа багш, бүтэн өдөржин нухсан ч олигтой болоогүй зургийг минь шалгаж, “Өөрөө зурсан байна” хэмээн сэтгэл хангалуун өгүүлээд “Онц” тавьсан мөн сургуулийн шугам зургийн Ч.Алтанцэцэг багш минь одоо ч дурсагдаж, “Би” гэдэг хүнийг бүтээсээр л байна.

Багш хүний нэг удаа ч гэсэн шавиа мэдэрч гаргасан хандлага, онож тавьсан дүн багаддаггүй. Багшийн хөдөлмөр бол бусдыг эерэг тал руу өөрчлөх зүйрлэшгүй боломжийг агуулсан, нэг, нэгээр хөврөх учрал, тохиолын нийлэмж. Энэ боломжоо ашигладаг, шавьдаа хүмүүжил, урам зориг мэдлэг өгдөг багш л  сайн багш гэж би боддог. Үр хүүхдээ ч ийм л багштай учраасай гэж хүснэ.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна