УИХ 2025 оны төсвийг алдагдалгүй баталснаар Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 14 мега төслүүдийн санхүүжилт үлэмж хэмжээгээр буурсан билээ.
Тодруулбал анхны төсөв дээр 2.2 их наяд байсан зээлийн ашиглалт 660 тэрбумаар буурч нэг их наяд 549 тэрбум болсон. Ингэснээр мега төслүүдийн хэрэгжилт төдий чинээ удааширч, ашиглалтад орох хугацаа нь хойшлох нь тодорхой болсон юм.
Тодруулбал Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд анхны төслөөр 100 тэрбумыг төсөвлөсөн байсан ч 70 тэрбум болж батлагдсан. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл анхны төсөвт 449.9 тэрбум байсан бол батлагдсан төсөвт 209.9 тэрбум төгрөг суусан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гурван мега төслийн санхүүжилтийг төсвөөс “салгах” төсөл санаачихаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлжээ.
14 мега төслүүдийн дийлэнх нь гадаадын зээлээр санхүүжиж байгаа. Зээл бүр өөр, өөр нөхцөлтэй бөгөөд зарим зээлүүдийн эргэн төлөгдөх хугацаа тулчихсан ч ашиглалт хангалтгүй байгаа юм. Учир нь8 зээл, тусламжийн санхүүжилт Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардал дээр бүтнээрээ суудаг. Оны эцэст л ашиглалт нь бодитоор тооцогддог тул учир мэдэхгүй хүнд төсвийг муухай харагдуулдаг гэмтэй.
Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн алдагдлыг тодорхой зааж өгсөн байдаг бөгөөд зарлага нь ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй байх ёстой. Энэ нь мэдээж төсвийн алдагдлыг хазаарлаж өгсөн “зөв” заалт ч зээл тусламжаар санхүүжиж байгаа төслүүдийг санхүүжүүлэхэд хүндрэлтэй болгож буй.
Учир нь манай жил, жилийн улсын төсвийн 70-80 хувийн урсгал зардал эзэлдэг. Хөрөнгө оруулалтын зардлын дийлэнхийг орон нутгийн барилга байгууламжид төсөвлөдөг бөгөөд эдийн засгийн үр өгөөж бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэх орон зай төсөвт дутмаг байгаа нь өнөөдрийн энэ нөхцлийг бүрдүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл зээл тусламжаар хэрэгжиж байгаа томоохон төслүүд төсвийн завсар зайгаар нь санхүүжилтээ суулгуулдаг гэсэн үг.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах цогцолбор, “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын хил холболтын төсөл зэрэг гурван төслийг улсын төсвөөс “салгах” буюу төсвөөс гадуурх санхүүжилтийн аргаар хэрэгжүүлэх санаачилгыг гаргаж, дэмжих гишүүд хайж байгаа гэсэн мэдээлэл байна.
Төсвөөс "салгах" төслүүдийн тухайд, Ховд аймагт хэрэгжиж буй Эрдэнбүрэнгийн 90 мегаваттын усан цахилгаан станцын төслийн хувьд барилга угсралтын ажил 2021 онд эхэлсэн. 2028 онд дуусах төлөвлөгөөтэй байгаа.
Ашиглалтад орсон тохиолдолд баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангах маш чухал ач холбогдолтой төсөл юм. Нийт хөрөнгө оруулалт нь 855.9 тэрбум төгрөг бөгөөд 100 хувь гадаад зээлээс санхүүжиж буй төсөл юм.
Энэ онд 70 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд энэ байдлаараа хэрэгжих юм бол төсөвт өртөг нь ч, хэрэгжиж дуусах хугацаа нь ч хойшлох төлөвтэй байна.
Газрын тос боловсруулах цогцолборын төслийн хувьд нийт төсөвт өртөг нь 1.7 тэрбум ам.доллар. БНЭУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тус төслийг 2017 оноос хэрэгжүүлсэн. Нийт дөрвөн багц ажлаас бүрдэх бөгөөд 1-р багц 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол 2,3-р багцийн ажил хэвийн явагдаж байгаа.
Харин өнгөрсөн хоёрдугаар сард 4-р багцийн ажлыг эхлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд үүнд нэмэлтээр 462.2 сая ам.доллар зарцуулах юм. /Нийт 648 сая ам.долларыг 4-р багцад зарцуулна/ Ингэснээр 1.236 тэрбумын зээлээр барих ТЭЗҮ-тэй байсан төслийн төсөвт өртөг нэмэгдэж, 1.7 орчим тэрбум долларт хүрч байгаа юм.
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан холболтын төмөр замын төслийн тухайд Түүхэн хэлэлцээр хийгдэж, бүтээн байгуулалт эхлэх хугацаа энэ сарын 14-нд товлогдсон. Бүтээн байгуулалт нь цаг алдалгүй үргэлжилж дуусах ёстой.
Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон, зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
Учир нь тус төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд хийгдэж буй хоёр дахь төмөр замын холболт болох юм. Төслийн төсөвт өртөг 976 тэрбум. Хэлэлцээрийн дагуу төслийг Эрдэнэс Тавантолгой компани хариуцна.
Мега төслүүдийн санхүүжилтийг төсвөөс тусгаарлах улсын төсвийн ачааллыг багасгана. Мега төслүүд их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Улсын төсвөөс санхүүждэг байсан тохиолдолд тэр хэрээрээ төсөвт ачаалал өгнө гэсэн үг. Мөн дагаад зарим салбарын /Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал/ хөрөнгө оруулалт хязгаарлах шаардлага гардаг нь бас нэгэн сул тал юм.
Хэдэн зуун тэрбум, их наядаар хэмжигдэх төсөвт өртөгтэй мега төслүүдийг зээлээр л санхүүжүүлж байгаа. Тэр зээлээ улсын төсөвт суулгах ёстой учраас төсвийн зай завсраар бага багаар суулгадаг. Ингэснээр төслийн төсөвт өртөг нэмэгдэж, хэрэгжин хугацаа хойшилж, төсөл амжилттай болох магадлал хүртэл буурдаг.
“Төслийн анх төлөвлөсөн зардал 50 хүртэл хувиар хэтрэх нь энгийн үзэгдэл байдаг бөгөөд 10 мега төсөл тутмын 9 нь зардлаа хэтрүүлдэг.
Мега төслийн хугацаа анх төсөөлснөөс ихэвчлэн сунадаг бөгөөд Оксфордын их сургуулийн судалгаагаар нийт төслийн 77 хувь нь анх төлөвлөсөн хугацаагаа 40 хувиар сунгадаг байна. Хугацаа сунах нь зардал өсөх, үр ашиг буурах, төсөл амжилтгүй болох нэг хүчин зүйл болдог байж болох юм” хэмээн МЕГА ТӨСӨЛ: ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА, МОНГОЛ УЛСЫН ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ судалгааны ажилд дурджээ.
Нөгөө талаар дээрх төслүүдийг төсвөөс тусгаарласнаар улсын төсөвт тодорхой хэмжээнд орон зай үүснэ. Үүссэн тохиолдолд тэр орон зайд ямар төсөл хөтөлбөр оруулах вэ гэдэг нь анхаарал татна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.25
Erguu shunalt Javhlan sangiin said bg tsagt longoliin EZ hezee ch uuuhgui !
Хариулах