Мега төслүүдийн санхүүжилтийг төсвөөс "ГАРГАХ" нь ЗӨВ ҮҮ, БУРУУ ЮУ

С.Гандэлгэр
2025/05/13

УИХ 2025 оны төсвийг алдагдалгүй баталснаар Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 14 мега төслүүдийн санхүүжилт үлэмж хэмжээгээр буурсан билээ.

Ерөнхийлөгчийн хориг тавьсан төсөв дээр 2.2 их наяд байсан зээлийн ашиглалт 660 тэрбумаар буурч нэг их наяд 549 тэрбум болсон. Ингэснээр мега төслүүдийн хэрэгжилт төдий чинээ удааширч, ашиглалтад орох хугацаа нь хойшлох нь тодорхой болсон юм.

Тодруулбал Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад анхны төслөөр 100 тэрбумыг төсөвлөсөн ч 70 тэрбум болгож бууруулсан. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл анхны төсөвт 449.9 тэрбум байсан бол батлагдсан төсөвт 209.9 тэрбум төгрөг суусан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир тэргүүтэй гишүүд зээлээр санхүүжиж байгаа гурван мега төслийн санхүүжилтийг төсвөөс “салгах” хуулийн төсөл санаачилж байгаагаа мэдэгдсэн. Тэдний санаачилж буй "ГАДААД ЗЭЭЛЛЭГИЙН АШИГЛАЛТ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ" хуулийн төсөл нь импортыг орлох, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үр ашиг бүхий, үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх боломжтой, нийслэл Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудал болох хүрээлэн буй орчны бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах энэ хуульд заасан гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн ашиглалтыг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж буй. 

Хуулийн төслийн 40 гаруй гишүүн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд Засгийн газар ямар нэг оролцоогүй, арга зүйн туслалцаа үзүүлсэн гэх мэдээллийг өгөөд буй. 

Засгийн газрын 14 мега төслийн дийлэнх нь гадаадын зээлээр санхүүжиж байгаа. Зээл бүр өөр, өөр нөхцөлтэй бөгөөд зарим зээлүүдийн эргэн төлөгдөх хугацаа тулчихсан ч ашиглалт хангалтгүй байгаа юм. Учир нь зээл, тусламжийн санхүүжилт Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардал дээр бүтнээрээ суудаг. Оны эцэст л ашиглалт нь бодитоор тооцогддог тул учир мэдэхгүй хүнд төсвийг муухай харагдуулдаг гэмтэй. 

"Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн алдагдлыг тодорхой зааж өгсөн байдаг бөгөөд зарлага нь ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй байх ёстой хэмээн заасан байдаг" 

Энэ нь мэдээж төсвийн алдагдлыг хазаарлаж өгсөн “зөв” заалт ч зээл тусламжаар санхүүжиж байгаа төслүүдийг санхүүжүүлэхэд хүндрэлтэй болгож буй.

Учир нь манай жил, жилийн улсын төсвийн 70-80 хувийн урсгал зардал эзэлдэг. Хөрөнгө оруулалтын зардлын дийлэнхийг орон нутгийн барилга байгууламжид төсөвлөдөг бөгөөд эдийн засгийн үр өгөөж бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэх орон зай төсөвт дутмаг байгаа нь өнөөдрийн энэ нөхцлийг бүрдүүлсэн юм.

Өөрөөр хэлбэл зээл тусламжаар хэрэгжиж байгаа томоохон төслүүд төсвийн завсар зайгаар нь санхүүжилтээ суулгуулдаг гэсэн үг.

ГАДААД ЗЭЭЛЛЭГИЙН АШИГЛАЛТ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ хуулийн төсөлд гурван мега төслийг дурдсан: 

  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, 
  • Газрын тос боловсруулах үйлдвэр,
  •   Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах 

гурван төслийг улсын төсвөөс “салгах” буюу төсвөөс гадуурх санхүүжилтийн аргаар хэрэгжүүлэх санаачилгыг гаргаж, иргэдээс санал авч байгаа юм байна.  

Эрдэнэбүрэнгийн УЦС

Төсвөөс "салгах" төслүүдийн тухайд, Ховд аймагт хэрэгжиж буй Эрдэнбүрэнгийн 90 мегаваттын усан цахилгаан станцын төслийн хувьд барилга угсралтын ажил 2021 онд эхэлсэн. 2028 онд дуусах төлөвлөгөөтэй байгаа. 

Ашиглалтад орсон тохиолдолд баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангах маш чухал ач холбогдолтой төсөл юм. Нийт хөрөнгө оруулалт нь 855.9 тэрбум төгрөг бөгөөд 100 хувь гадаад зээлээс санхүүжиж буй төсөл юм. 

Энэ онд 70 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд энэ байдлаараа хэрэгжих юм бол төсөвт өртөг нь ч, хэрэгжиж дуусах хугацаа нь ч хойшлох төлөвтэй байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр

Газрын тос боловсруулах цогцолборын төслийн хувьд нийт төсөвт өртөг нь 1.7 тэрбум ам.доллар.  БНЭУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тус төслийг 2017 оноос хэрэгжүүлсэн. Нийт дөрвөн багц ажлаас бүрдэх бөгөөд 1-р багц 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол 2,3-р багцийн ажил хэвийн явагдаж байгаа.

 Харин өнгөрсөн хоёрдугаар сард 4-р багцийн ажлыг эхлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд үүнд нэмэлтээр 462.2 сая ам.доллар зарцуулах юм. /Нийт 648 сая ам.долларыг 4-р багцад зарцуулна/ Ингэснээр 1.236 тэрбумын зээлээр барих ТЭЗҮ-тэй байсан төслийн төсөвт өртөг нэмэгдэж, 1.7 орчим тэрбум долларт хүрч байгаа юм. Энэ онд тус төсөлд 209 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгасан байгаа бөгөөд энэ байдлаараа 2028 онд байтугай 2040 онд ч ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй. 

2028 онд ашиглалтад оруулахын тулд жил бүр 1.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай


Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл

Засгийн газраас хэрэгжүүлж буй "20 минутын хот" концепцыг хэрэгжүүлэх хүрээнд жишиг хот байгуулах бөгөөд тэр нь "Сэлбэ дэд төв" юм. Тус хот нь нийтдээ 158 га газрыг хамрах бөгөөд 12 мянган айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм, соёлын барилга байгууламж цогцоор баригдана. Энэ хотын 40 хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөөд буй. 

Газар чөлөөлөлтийг маш эрчимтэй хийсэн бөгөөд одоогоор 30 гаруй айл үлдчихээд байгаа юм. 

Нийт төсөвт өртөг нь 500 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөг. Төслийн нэгдүгээр багцын санхүүжих дүн 373.6 тэрбум, хоёрдугаар багцынх 453.4 тэрбум төгрөг. Одоогоор 826 тэрбумын тендер зарлагдчихаад байгаа гэсэн үг. 3,4-р багцийн ажил санхүүжилтийн улмаас зогсонги байдалд байгаа юм. 

Мега төслүүдийн санхүүжилтийг төсвөөс тусгаарлах нь

Дэлхий дахинд мега төслүүдийн анх төлөвлөсөн зардал 50 хүртэл хувиар хэтрэх нь энгийн үзэгдэл байдаг бөгөөд 10 мега төсөл тутмын 9 нь зардлаа хэтрүүлдэг гэсэн судалгаа байдаг аж. 

"Төслийн хугацаа ч анх төсөөлснөөс ихэвчлэн сунадаг бөгөөд Оксфордын их сургуулийн судалгаагаар нийт төслийн 77 хувь нь анх төлөвлөсөн хугацаагаа 40 хувиар сунгадаг байна. Хугацаа сунах нь зардал өсөх, үр ашиг буурах, төсөл амжилтгүй болох нэг хүчин зүйл болдог байж болох юм” хэмээн МЕГА ТӨСӨЛ: ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА, МОНГОЛ УЛСЫН ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ судалгааны ажилд дурджээ.

Мега төслүүдийн санхүүжилтийг төсвөөс тусгаарлах улсын төсвийн ачааллыг багасгана. Мега төслүүд их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Улсын төсвөөс санхүүждэг байсан тохиолдолд тэр хэрээрээ төсөвт ачаалал өгнө гэсэн үг. Мөн дагаад зарим салбарын /Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал/ хөрөнгө оруулалт хязгаарлах шаардлага гардаг нь бас нэгэн сул тал юм.

Хэдэн зуун тэрбум, их наядаар хэмжигдэх төсөвт өртөгтэй мега төслүүдийг зээлээр л санхүүжүүлж байгаа. Тэр зээлээ улсын төсөвт суулгах ёстой учраас төсвийн зай завсраар бага багаар суулгадаг. Ингэснээр төслийн төсөвт өртөг нэмэгдэж, хэрэгжин хугацаа хойшилж, төсөл амжилттай болох магадлал хүртэл буурдаг. Дээрх гурван төслийг төсвөөс тусгаарласан ч  өөрөө зээлээ төлөх боломжтой төслүүд учраас төсвөөс хамааралгүйгээр төлөх боломж бий.

Нөгөө талд Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүд тус төслийг эсэргүүцэж байгаа. 

Тодруулбал УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн "Сангийн яам мэдэхгүйгээр нь далимдуулж УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж, хуулийн төсөл оруулж буйгаа боль. Сангийн яам бол хуулийнхаа хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна. 2024 оны төсвийн тодотголыг яг ийм байдлаар хийсэн.

Одоо 2025 оны төсөвт тодотгол хийхдээ яг энэ аргаараа хийж байна. Хуулийн хулгайгаар. Үндсэндээ 2025 оны төсөвт гурав дахь удаагаа гар хүрч байна. Та нар энэ асуудалд зөв зарчмаар нь ханд.

Магадгүй би буруу жишээ хэлэх гэж байж мэднэ. 10 орчим жилийн өмнө өрийг өглөг гэдэг үгээр солих саналыг нэг гишүүн гаргаж байсан. Үүнээс ч долоон дор зүйл болж байна гэж харж байна.  Хэчнээн хуулийн нэр томьёог өөрчилсөн ч  зээлээ эргүүлээд төлнө. Сангийн яамныхны энэ тэнэглэлээр бол Монгол Улсын өртэй айл бүр зээлээ өрхийнхөө данснаас хасаад, өр зээлгүй юм шиг нүдээ аниад  хэсэг явах юм байна л даа. Тэгээд улс эх орноороо, айл өрхөөрөө дампууралд орох юм байна. Ийм зүйлийг хийж болохгүй." хэмээн эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн юм. 

Ямартай ч хуулийн төсөлд санал авч байгаа. Тун удахгүй "ГАДААД ЗЭЭЛЛЭГИЙН АШИГЛАЛТ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ" гэх нэртэй анхдагч хуулийн төсөл өргөн баригдаж, нийгмийн хэлэлцүүлэг өрнөнө. Энд нэг л зарчим байгаа нь зээлсэн зээлээ ашиглахгүй бол хүү бодогдсоор, төсөвт өртөг нэмэгдсээр, төслийн ашиглалтад орох хугацаа хойшилсоор байх болно. Тийм учраас улсын төсөвтөө зай гаргана уу, төсвөөс төслүүдийн санхүүжилтийг салгана уу хамаагүй эл асуудлыг шийдэх шаардлага тулгараад буй.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.46
    2025/05/14

    Gadniizeel geheer l dund n zaaval 2 huruu ordog jamtai shuu ! suuld Fortun , Ulaan 2 said karavchiiluudiin 4 huruu orood zaimchuulj uguu bizdee ?

    Хариулах
  • 66.181.186.216
    2025/05/13

    Nomtoibayariiq demjine

    Хариулах
  • 202.179.27.244
    2025/05/13

    Монгол мэргэжилтэнгүүдээ эд нарын хийж чадах зүйлсийг нь хийлгэж чаддаг байвал, төслийг удаашруулж байгаа нь улс төр, төр оролцдогт байгаа юм болов уу? Мөн гэрээ болон гүйцэтгэл, биелэлтийг дүгнэх эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох нь зөв байхаа. Төсөл авсан нөхдүүдийн мэргэжлийн ур чадвар ямар байх, ямар хүн ирж ажиллаж байгаа нь сонин байна. Зөв юм хэлээд тооцоо нотолгоо хийгээд байхад хүлээн зөвшөөрөхгүй зовоож байдаг. Эрсдэл монголын талд л учирдаг. Манай монголд хэрэгжиж буй төсөлд олон улсаал ялгаатай нь техникийн тоног төхөөрөмж, цаг уурын өөрчилөлт, үзүүлэлт газар хөдлөлтийн балл, маш чухал үзүүлэлт болж байна.Энэ үзүүлэлт нь бүх зүйлтэй зөрчилдөж байна. Ажлын чанарт, хугацаанд нөлөөлж байна,

    Хариулах